Ерөнхий сайд асан Г.Занданшатар өнгөрсөн 3-р сард “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксон хатагтай ба түүний багийнхантай уулзалт хийж, хатуу байр сууриа илэрхийлсэн билээ.
Г.Занданшатар шууд л “Та нарын санал болгож байгаа хувилбар чинь, миний захидалд өгч байгаа хариу чинь огт таалагдахгүй байна. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг”. Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой. Оюу толгой өр үйлдвэрлэх мехназм болж хувирсан байна” гэсэн юм.
Угаас манай улс ашгийн 34 хувийг эзэмшиж байгаа нэртэй ч өнгөрсөн 20 жилийн турш өр төлсөөр ирсэн байдаг ч хэн ч зориглож, зүрхэлж хэлж байгаагүй үнэн үг энэ байсан юм.
Оюу толгойн төлөөлөгч Кейти Жаксон хатагтай өөдөөс нь хэлэх үггүй болж байгаа биеийн хэлэмжийн дүр зураг одоо ч уншигчдын сэтгэлд тод үлдсэн байгаа биз ээ.
Мөн энэ үеэрээ газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь Монголын ард түмэнд ногдож байх ёстой гэдэг Үндсэн хуултийн 6.2 дахь заалтыг тэр хатуу сануулж, “Оюу Толгой” төслөөс Монгол Улсад ногдох өгөөжийг 60-аас дээш хувьд хүргэх, хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг эрс бууруулах, менежментийн төлбөрийг бууруулах, 2026 онд багтаан ногдол ашиг хуваарилах зэрэг бодитой, тодорхой саналуудыг шийдэмгий тавьсан юм.
“Рио Тинто”-той хийсэн энэ хэлэлцээрээрээ жинхэнэ алсыг харсан эх ороны эдийн засаг, ард түмний амьдралд бодит үр өгөөж өгүүлэх хожлын нүүдлийг тэр хийчихсэн гэсэн үг. Барилгаар бол хундаамыг нь цутгаад, карказыг нь угсарсан гэсэн үг.
Угаас Г.Занданшатар 2008 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийг ахалж байсан, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, байгалийн баялгийн дийлэнх нь ард түмэнд ногдох тухай 6.2 заалтыг өөрийн гараар томъёолон бичиж батлуулсан хүн нь байхгүй юу. Тэгээд ч өөрөө эдийн засагч хүн, Оюу толгойн гэрээг хэрхэн ашиггүй хувилбарт шилжүүлэн үргэлжүүлж буйг гарын таван хуруу шиг ээ мэддэг хүний хувьд гарц гаргалгааг ч тооцоод бодчихсон хүний хувьд ийм том дуугарсан хэрэг.
Гэвч харамсалтай нь энэ уулзалтын дараахан удалгүй Г.Занданшатар үүрэгт ажлаасаа огцрох шийдвэрийг гаргасан. Тэр улстөрийн талцал хуваагдал хэрээс хэтэрсэнг сануулаад ард түмний эрх ашгийн төлөө өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа бууж байна гэсэн юм. Нэг их олон үг хэлээгүй, гэхдээ учир шалтгааныг нарийн тайлбарлах цаг хожим ирэх байхаа л гэчихээд, гишүүдийн алга ташилтан дор үгээ дуусгаж байсан билээ.
Түүнээс хойш Оюу толгойн асуудал юу болсон, дараагийн Засгийн газар үргэлжлүүлэх үү гэдэг хүлээлт олон нийт, судлаачид, улстөрийн хүрээнийхэний дунд байсан нь нууц биш. Уг нь өмнөх Засгаас гарсан шийдвэр тул дараагийн Засаг нь үргэлжлүүлж, хэрэгжилтийг хангах нь зүй ёсны зүйл, бичигдээгүй хууль л даа. Манайд л ийм тогтолцоо жаахан гажуудалтай тул итгэж өгөхгүй л байцгаасан нь тэр.
Итгэж ядсан ийм хүлээлт өрнөж байсан ч өнөөдөр харин гэн эерэг мэдээ гарсан нь Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдэл байлаа. Н.Учрал ярихдаа:
"Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу 8 орчим их наядаар бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наядаар нэмэгдүүллээ.
Зээлийн хүүг бууруулснаар Оюутолгойн баялгаас өр зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж байна. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 2.5 ам.доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэж байна. Хоёрдугаарт, Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 7 жил тутам бууруулах цонх нээгддэг байсныг 3 жил тутам эргэн харж, хэлэлцдэг болгож чадлаа. Гуравдугаарт, энэ жил бид Оюутолгойгоос ногдол ашиг авна. Энэ асуудлаар Рио Тинтотой ажиллахаар тохиролцож чадлаа. Хэлэлцээрүүдийн үр дүнд Оюутолгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум ам.доллар буюу 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдлээ" гэж хэллээ.
Г.Занданшатарын алсыг харсан, зангарагтай байр суурь, тууштай хэлэлцээний эхлэл ийнхүү бодит үр дүнгээ өгч эхэлж байгаа нь энэ. Өнөөдөр бидний харж буй энэ ахиц нь ганц өдрийн амжилт бус, үндэсний эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьсан улс төрийн шийдэмгий алхмын үргэлжлэл юм.
Түүхэнд эх орныхоо тусгаар тогтнол, газар шороо, баялаг бүтээлийг хамгаалан тэмцэж ирсэн их хаад, жанжид, эрэлхэг өвөг дээдэс цусаа урсгаж, цээжээ бамбай болгон Монгол Улсаа бидэнд өвлүүлж үлдээсэн байдаг. Тэгвэл өнөө цагт улс үндэстний эрх ашиг зөвхөн зэвсгийн хүчээр бус, ухаалаг бодлого, хатуу байр суурь, оновчтой хэлэлцээгээр хамгаалагддаг болжээ.
Ердөө гуравхан сарын өмнө эхэлсэн хатуу бөгөөд зарчимч байр суурь өнөөдөр Монголын талын өгөөжийг нэмэгдүүлж, олон их наяд төгрөгөөр хэмжигдэх эдийн засгийн үр ашгийн эхлэлийг тавьж байна. Энэ бол үндэсний эрх ашгийн төлөө гаргасан зоригтой шийдвэр, алсыг харсан бодлогын үнэ цэнэ бодит амжилтаар хэмжигдэж болдгийн тод жишээ юм. Түүнийн Оюутолгойг онилсон алсын хараатай нүүдэл ийнхүү хожил авчирлаа.
Сэтгэгдэл (1)
Ene bichsen baahan uyangalsan romantizmees iluuteigeer, audited financial statememt harmaar bh ym. Barag oyutolgoi esvel zandanshatar gedeg shuleg, duu zohioloo2.