Дэлхийд олон улс орон агаарын бохирдолтой тулгарч, тээврийн хязгаарлалт, онцгой дэглэм зэрэг бодлого хэрэгжүүлснээр бодит үр дүнд хүрч байна. Тодруулж хэлбэл Францын Парис хот 2015 оноос эхлэн өвлийн улиралд агаарын бохирдол, түгжрэл ихтэй үед автомашины улсын дугаараар ээлжлэн зорчих системийг амжилттай нэвтрүүлжээ.
Парисын түүхэнд анх удаа автомашиныг хотын хэмжээнд ээлжлэн хориглож, замын хөдөлгөөнийг бараг тал хувиар бууруулсан онцгой арга хэмжээ болсон. Нийтийн тээврийг үнэгүй болгосон өдрүүдэд метро, автобусны зорчигчдын тоо огцом өсөж, зарим чиглэлд зорчигчдын урсгал 20–30 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр замын түгжрэлийг дунджаар 14% бууруулж хөдөлгөөн илүү урсгалтай болсон бөгөөд энэ нь ажил руу зорчих хугацаа багасаж, өдөр тутмын стресст эерэг нөлөө өгч болох нөхцөлийг бүрдүүлжээ.
Утаа буурсны дараа Парис хотын захиргаа уг туршлагад тулгуурлан дараагийн жилүүдэд дизель автомашиныг үе шаттайгаар хязгаарлах бодлогын сууриа тавьжээ. Судалгаагаар иргэдийн дийлэнх нь энэхүү арга хэмжээг түр зуурын хүндрэлээс илүү эрүүл мэндийн ач холбогдолтой гэж үзэж, нийтийн дэмжлэг өндөр байсан байна. Энэхүү арга хэмжээний дараа Мадрид, Милан, Брюссель зэрэг Европын хотууд ижил төстэй шийдэл туршихад нөлөөлсөн гэж үздэг байна.
Дашрамд дурдахад Парис хотын оршин суугчид 500 гаруй гудамжийг автомашингүй болгох саналыг 2025 онд дэмжсэн байна. Энэ нь зөвхөн түр зуурын арга хэмжээ биш, ачаалал багасгах, хотын төвд машин бага байх урт хугацааны чиглэл гэсэн санааг илэрхийлж байна.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!