Пакистан ням гарагт Афганистантай залгаа баруун хилийн бүсэд агаарын цохилт өгч, хуурай замын цэргийн ажиллагаа явуулснаар олон арван энгийн иргэн амь үрэгдэж, шархадсан талаар Афганистаны Талибаны Засгийн газар мэдээллээ.
Талибаны талын мэдээлснээр халдлагын улмаас нийт 100 гаруй хүн амь үрэгдэж, шархадсан бөгөөд цохилтын ихэнх нь Пактика мужийн Мандихел тосгонд болсон байна. Харин Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарар мэдэгдэхдээ, агаарын цохилт нь зэвсэгт бүлэглэлүүдийн нуугдаж байсан байрлалуудад чиглэсэн бөгөөд нийт 29 босогчийг устгасан гэжээ.
Пакистан улс Афганистаныг өөрийн нутагт халдлага үйлддэг зэвсэгт бүлэглэлүүдийг орогнуулдаг хэмээн удаа дараа буруутгаж ирсэн бол Талибаны Засгийн газар энэ мэдэгдлийг үгүйсгэдэг.
Сүүлийн ажиллагаа нь Пакистаны Карачи хотод хилийн цэргийн төв байранд амиа золиослогчийн халдлага гарч, гурван цэрэг амиа алдсаны дараахан болсон юм. Уг халдлагын хариуцлагыг Пакистаны Талибаны салбар бүлэглэл болох Жамаат-ул-Ахрар өөртөө хүлээжээ.
Өнгөрсөн оны аравдугаар сард хоёр тал гал зогсоох хэлэлцээр байгуулсан ч удалгүй мөргөлдөөн дахин сэргэж, сүүлийн саруудад хил орчимд хэд хэдэн удаагийн агаарын цохилт, зэвсэгт мөргөлдөөн гарсаар байна.
Сэтгэгдэл (0)
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Эхний сэтгэгдэлээ үлдээнэ үү!